2011/05/26

БҮХ НИЙТИЙН УРИАЛГА ГАРГАХ ШААРДЛАГА

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ОЮУТНЫГ САР БҮРИЙН МӨНГӨН ТЭТГЭЛЭГТЭЙ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГУУЛАХААР ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭД НӨЛӨӨЛӨХ БҮХ НИЙТИЙН УРИАЛГА ГАРГАХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ШААРДЛАГА ЮМ.

Монголчуудын мандан бадарч ирсэн түүхэн замнал, мөхөж доройтож байсан гашуун түүх бидэнд улс үндэстний оюуны чадамж, сэхээрсэн мэргэдийн гэгээрэл, идэр залуусын боловсрол зэргээс тухайн үндэстэн соён гэгээрч, үсрэнгүй хөгжих нь ихээхэн шалтгаалж байсныг илтэгдэг.
Бид 21-р зуунд дэлхийн улс орнуудын нийтлэг хөгжлийн жишгээс эдийн засаг, нийгмийн хэв маяг, хувь хүний хөгжил, тогтолцооны төлөвшил зэргээрээ нэн хоцорсон байна.
Улс үндэстний хөгжлийн хөдөлгөгч хүч, урагшлан давших хөшүүрэг нь боловсролтой, оюуны өндөр чадамжтай хүний нөөц гэдгийг хөгжилд хүрсэн олон улс хөгжиж буй орнуудад нотлон харууллаа.
Иймээс Монголчууд бидэнд нийт монголчуудын хөгжлийн хүч болохын хувьд оюутан залуусын боловсрол, түүний чанар, чанартай боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах зүй ёсны хийгээд тэнгрийн цаг үе ирээд байна.
Чадварлаг оюутан, чанартай боловсрол эзэмшихэд оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал чухал нөлөөтэйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс тусгайлан анхаарах цаг болсон байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын системийг зах зээлийн хуулинд найдаж ирсэн нь боловсролд хандах нийгмийн хандлагыг орвонгоор нь эргүүлж, тодорхой амжилтанд хүрсэн хэдий ч нөгөө талаар бүтээмж бий болгох шатны өмнөх боловсрол гэдэг утгаар нь дээд боловсролыг төрөөс дэмжихгүй бол хавтгайрсан чанаргүй төгсөгч, нэр төдий суралцагсад олширч, нийгмийн хамгийн идэвхтэй давхрага хөгжлийн шаардлагад гологдох сөрөг үр дагавар ажиглагдаж эхэллээ.
Оюутны сурлага, суралцах байдалд дараах хэд хэдэн зүйл сөргөөр нөлөөлж байна. Үүнд:
1) Их дээд сургуулийн сургалтын төлбөр хэт өндөр, төлбөрийн өсөлт нь инфляцын түвшинтэй уялдахгүй байгаа,
2) Суралцахаас гадна оюутны дотуур байрны төлбөр, орон нутгын оюутны хоол, замын зардал гэх мэт нийгмийн асуудал бүгд оюутан болон тэдний ар гэрийн нуруун дээр хүнд ачаа болж байна,
3) Оюутанд суралцахаас гадна хөдөлмөр эрхлэх цаг, ажлын нөхцлийг хуульчилж өгөөгүйгээс ихэвчлэн оюутан залуус шөнийн цагаар хөдөлмөр эрхэлж байна,
Оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, их дээд сургуулиудын төлбөр, суралцах орчныг сайжруулах чиглэлээр, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, улс төрийн хүчин, тэдгээрийн улс төрийн амлалт, хөтөлбөрт тусгагдсан асуудлуудаас дор дурдвал. Үүнд:
1) Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр 1.2.18-д “ Оюутны сургалтын амжилтыг харгалзан сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ” гэжээ.
2) 2010 оны 8-р сарын 18-ны өдөр, Монгол улсын засгийн газрын тогтоол “Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай”.
3) 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт оюутныг тэтгэлэгтэй болгох асуудлаар нэн тодорхой тусгагдсан ба энэ талаар хуулийн төсөл санаачлан улсын их хуралд хүргүүлсэн байна.
ИЙМЭЭС:
Нийгмийн тодорхой хэсэгт тулгамдсан дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд нэг удаагийн аргацаасан мөнгөн тэтгэмжээс илүү урт хугацаанд тогтмол олгогдох сар бүрийн мөнгөн стибент чухал учраас үндэсний хэмжээнд сурч боловсорч буй оюутан залуусыг төр засагт дуу хоолойгоо хүргэж өөрсдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргуулах ажилд нэгдэхийг уриалж энэхүү “Тэтгэлэгтэй оюутан, хариуцлагатай оюутан” уриалгыг санаачлаж байна.