2013/04/10

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

              “Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдаан орон даяар зарлагдлаа
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Оролцоог бодит болгоё” аяныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, сурч боловсрох, нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцлийг хангах, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор 2  сарын аяныг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд олон арван цогц ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Аяны хүрээнд “Бид хамтдаа” ерөнхий сэдвийн доор ЕБС-ийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудын дунд 4-р сарын 10-25-ны хооронд эссэ бичлэгийн үндэсний уралдаан зарласныг дуулгаж байна. Хүүхэд залуусын дунд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлж, анд нөхдөө нийгэмшиж, сурч боловсроход нь тусалж дэмжихэд чиглэсэн энэхүү уралдааны зохион байгуулагчаар нь ХААН Банк Сан, ХАХНХЯ-ны харьяа СЗХҮТ  болон “Монголын Оюутан Залуусын нэгдэл” ажиллаж байгаа бол санхүүжүүлэгчээр нь мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан хамтран оролцож байна.
Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд Монгол  орны өнцөг булан бүрээс ирүүлсэн бүтээлүүдээс мэргэжлийн байгууллага, зохион байгуулагчдын төлөөлөл  шүүн хэлэлцэж,  1-3  байр, тусгай байранд тус бүр хоёр бүтээлийг шалгаруулна .
Эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” Үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм.


ЕБС-ийн сурагчид болон  Их дээд сургуулийн оюутнууд та бүхнийг энэхүү эссэ бичлэгийн уралдаан идэвх зүтгэлтэй оролцохыг урьж байна.